November 16, 2007...6:06 Uhr nachmittags
… дээрээс нар ойрхон
Ааяа би мөн тансаг байнаа. Хотоо дээрээс нь хараад л… Тамшаалаад л… Өнөөдөр бид нар сургууль дээрээ ажлын өрөөтэй боллоо. Бид нар гэж мастер оюутнууд, надаас гадна 4 хүн, ингээд тавуулаа энэ өрөөнд 2 жил суух болж дээ. Бидний өрөө сургуулийн байрны хамгийн дээд давхарт буюу 14 давхарт, манай сургуулийн байшин энэ хотын бараг хамгийн өндөр байшин байх шүү. Өрөөний цонхоор хот маань бараг л бүхлээрээ харагдаж байна.
Манай энэ хот 130.000 гаруй хүнтэй, жижиг хот л доо. Гэхдээ манай хотыг wissenschaftliche Stadt буюу шинжлэх ухааны хот гэж германдаа нэрлэдэг. Эндэхийн Техникийн Их сургууль нь германы нэр хүндтэй, томоохон их сургуулиудын нэг. Олон олон шинжлэх ухааны нээлтүүдийг энэ их сургуулийн эрдэмтэд хийсэн бөгөөд, жишээлбэл үелэх системийн 110 дахь элементийг тус их сургуулийн эрдэмтэд нээж, хотынхоо нэрээр darmstadtium гэж нэрлэсэнийг дурдахад хангалттай болов уу.
Хот маань Хессэн мужид, Германы банк санхүүгийн төв болох Франкфурт ам Майн хоттой зэрэгцэн оршдог. Дармштадт хотын шавыг VIII-IX зууны үед францчууд тавьсан гэж үздэг бөгөөд, Хессэн мужийг хуваагдсaны дараа XVI зууны үед Хессэн- Дармштадт гүнлэгийн төв хот болжээ. XIX зуунд Хессэн ванлигийн төв хот буюу Их вангийн өргөө хот байсан ба одоо энэ хотод вангийн цэцэрлэг, их ван Людвиг I-ийн дурсгалын хөшөө, Георг хунтайжын ордон болон цэцэрлэг зэрэг дурсгалт газрууд олон байдаг. Германы эзэнт улс задран унасны дараа Дармштадт нь Хессэн мужийн нийслэл хот байсан ба одоо бол мужийн төв нь Виесбаден хот болсон.
Matildenhoehe, хуримын ордон: Matildenhoehe гэдэг нэр нь угтаа Их ван Людвиг III-ийн хатан Mатилда Каролина Фриедрика фон Виттелсбахын нэрнээс улбаатай. Энэ орчин нь XIX зууны үед вангийн цэцэрлэг байжээ. Их ван Эрнст Людвигийн зарлигаар 1899 онд Matildenhoehe-г урлагын цогцолбор болгож, өнөөдрийн хэлбэрт оруулах ажлыг эхлүүлж байжээ. Tаван хуруу хэлбэрийн цамхаг нь 1905 онд баригдсан. 48 метр өндөр энэ цамхагыг мөн Fuenffingerturm (Fuenffinger- таван хуруу, turm- цамхаг) гэж нэрлэдэг. Энд мөн хотын хуримын ордон байрладаг.
Matildenhoehe болон Оросын сүм. Уг сүм 1899 онд баригдсан бөгөөд Оросын эзэн хаан Николай II, Дармштадтын сүүлийн их ван Эрнст Людвигийн дүү Александра гүнжийг хатан болгож авсны хариу талархал болгон энэ сүмийг бэлэглэж байжээ.
Jagdschloss буюу ангийн цайз. 1578 онд Георг I гүнд зориулан барьжээ. Одоо энэ цайзад 1578-1769 он хүртэл хэрэглэгдэж байсан ангийн зориулалттай багаж зэвсэг, үзмэрүүд байдаг.
Waldspirale хэмээх орон сууцны зориулалттай байгууламж. Мөн уг байгууламжийн архитекторч, Венийн уран барилгач Friedensreich Hundertwasser-ийн нэрээр Hundertwasserhaus ч гэж нэрлэдэг бөгөөд 2000 онд ашиглалтанд оржээ. Энэ байгууламж нь уг архитекторчын хийсэн сүүлчийн бүтээл ажээ.
Георг xунтайжын цэцэрлэг болон ордон. 1710 онд гүн Эрнст Людвигийн зарлигаар баригдсан ба архитекторчоор нь Дармштадтын цайзын архитекторч Луйс Ремы де ла Фоссе-г ажилласан гэж үздэг байна.
За би гэдэг хүн товчхондоо ийм л түүхтэй хотод сурч амьдарч байна даа.








Eine Antwort hinterlassen